Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Фото мэдээ


нийт 430

төсөвт байгууллагуудын нярав,нягтан бодогч нарт хуулийн сургалт хийв

2023-12-15 63
төсөвт байгууллагуудын нярав,нягтан бодогч нарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, .Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хэрхэн мэдэгдэл тайлбар гаргах талаар, Шилэн дансны хөтлөлтөнд хяналт тавьж ажилласан талаар танилцуулж, цаашид анхаарч ажиллах ажлын талаар чиглэл өгөв

зөвлөлийн хурал болж сумын ИТХ-ын 4-р улирлын хуралдааны тов,хэлэлцэх асуудлыг тогтлоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Алтансүхтэй цахимаар холбогдож аймгийн ИТХ-д сумаас оруулах ажил асуудлын талаар санал бодлоо солилцлоо

2023-11-30 66
Сумын ИТХ-ын IV дүгээр улирлын Хуралдааныг 2023 оны 12 сарын 20-ны өдрийн өглөө 09 цагт Иргэний танхимд хуралдуулж доорхи асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно Үүнд: 2.1.Сумын ИТХ-аас 2023 онд хийсэн ажлын тайлан Илтгэгч нь ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баярмаа 2.2.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.3. Сумын 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл,2024 оны төсвийн тухай Илтгэгч нь: Санхүү албаны дарга Б.Нямбаяр 2.5. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт,2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.6. Сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын тухай Илтгэгч нь: сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од 2.7. Ньюмон ривэр ХХК ны нөхөн олговрын асуудал Илтгэгч нь: сумын Хурлын дарга М.Пүрэвхүү 2.8. Бусад асуудал

шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2023-11-30 74
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11дүгээр сарын 27-ны өдөр Ургамал сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа Тэмцээнд 5 эрэгтэй, 6 эмэгтэй шатар сонирхогчид оролцож Эрэгтэй төрөлд М.Бадамдорж Дэд байранд Н.Пүрэвдорж Эмэгтэй төрөлд Г.Бөхбаяр нар түрүүлж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, Талархал,мөнгөн шагналын хамт гардан авлаа

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 53
МОНГОЛ УЛСЫН ЗААН ЯДАМСҮРЭНГИЙН ДОРЛИГ 1914 оны бар жил Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт Хутаг-Уул гэдэг газар төрсөн. 1937 онд аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол, 1938 онд улсын наадамд 1024 бөхийн барилдаанд зодоглон 8 даван шөвгөрч Улсын Заан цол хүртсэн. Я.Дорлиг багадаа Галуутайн хүрээнд шавилан сууж, нутагтаа мал маллаж, аян жин тээж өссөн. Дорлигийн аав Ядамсүрэн том биетэй, бяртай хүн байсан бол авга ах Цогт-Очир нь хошууны заан цолтой бөх байжээ. Я.Дорлиг 15 наснаасаа овооны наадамд зодоглож, төрөлхийн бяр хүч нь амтагдах болсон тул шавилан суусан хүрээ хийдээсээ оргож, барилдах болсон. Түүний барилдах ирээдүйтэйг нь мэдсэн хошууны арслан Н.Нацаг Дорлигт бөхийн мэх зааж өгч сургаж байжээ. Я.Дорлиг анх арвантаван настайдаа манай Хүнгүйн голын Булангийн овооны наадамд барилдан дөрөв давж, мөн тэр зундаа Цагаан овоо, Шавгийн овооны наадамд өөрийн сургасан шүдлэн үрээгээ зайдан унаж очоод нутгийн алдарт бөх Галсанжамц, Довчинжав нарыг хаяад түрүүлж байжээ. Дараа жил нь арванзургаан настайдаа нутаг усныхаа есөн овооны наадамд очиж барилдан ес түрүүлэхэд нутаг усаараа бяр чадлыг нь шагшран магтах тэр үеэс л Дорлигт аймаг орж зодоглох хүсэл өөрийн эрхгүй төрж, арваннайман настайдаа аавынхаа адуунаас тэнгэрийн салхинаас өөр юм хүргэдэггүй сэтэртэй морио хулгайлж унан аймгийн төв орж 18-тайгаасаа 23 хүртлээ аймагтаа тасралтгүй зургаан удаа түрүүлсэн төдийгүй, 1937 онд буюу ганцхан жилийн дотор гэхэд л Завханы Завханмандал, Чандмань, Сантмаргац, Түдэвтэй, Ургамал, Дөрвөлжин, Увсын Завхан сум, Өндөрхангай, Баруунтуруун гээд есөн суманд түрүүлж байжээ. Тэгээд энгүй их хүчтэн хориндөрвөн настай Дорлигийн хот орж улсад барилдах хорхой нь улам ихсэж шуудангийн машинаар 1938 онд Улаанбаатар орж ирэн улсад зодоглохдоо долоогийн даваанд Халхын их аварга Босоо Самданг хаяж, заан цолонд хүрсэн тэрээр наймын даваанд Булганы гүйдэг Дашийг хаяжээ. Ингээд есийн даваанд Банди арслантай барилдаж хэрэг дээрээ хаясан боловч Банди арслан тахимаа өгөлгүй хөлийн цэцийн маргаан үүсч байх хооронд, Дорлиг заан дахиж барилдсан ч яахав ухааны юм бодож байх хооронд, Банди арслан яах ийхийн зуургүй хоёр хацрыг нь ээлжлэн үнсчихээд дэвээд яваад өгсөн гэдэг. Тухайн үедээ Дорлиг заан аварга болохоор ид хав бяр чадлаараа хэнд ч дийлдэшгүй босоо бөх байсан гэх бөгөөд хаячихсан бөхдөө тахимаа өгсөн зэрэг монгол бөхийн хийморь лундаанаас болсон уу яасан, дараа жил нь тавийн даваанд Түвдэндоржид өвдөг шороодсон ч түүнд ирээдүйн их аварга болох замыг нь нээж өгчээ.Тэр жилдээ Дорлиг заан Архангай Төв Хөвсгөл аймгийн наадам, мөн Яармагийн дэнжид болдог уяачдын наадамд түрүүлжээ. Дорлиг нь хүч самбаа ихтэй, солгой өрөлттэй, маш түргэн барилдаантай, угсраа олон мэх хийдэг онцлогтой бөх байжээ.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 84
ГУЧИН ЖИЛ ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГААР ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МЕНЕЖЕР ГАНЖУУРЖАВЫН ЗОРИГ 1939 онд Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт Ганжууржавын 2-р хүү болон мэндэлсэн. Тэрээр 1958 онд Улиастай хотын ЭОН 10 жилийн сургууль, 1964 онд Москвагийн Хүнсний үйлдвэрийн дээд сургуулийг гурилын технологич-инженер мэргэжлээр төгссөн. Г.Зориг Москвад сургууль төгссөн жилээ Онхын Чимгээтэй /1964 онд/ гэр бүл болсон. Г.Зориг дарга 1964-1967 онд Дарханы үр тарианы хадгаламжийн газрын ерөнхий инженер, 1967-1969 онд Хүнс ХАА яаманд хэлтсийн дарга, 1969-1983 онд Булганы аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн дарга, 1983-1999 онд Сэлэнгэ аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн даргаар нийтдээ улсад гучин жил гурилын үйлдвэрийн даргаар тасралтгүй ажилласан Монгол Улсын шилдэг менежер. Мөн 2000-2014 онд ХААЯамны харьяа Сэлэнгэ аймаг дахь “Буудай сан”-гийн дарга, Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны даргаар тус тус ажилласан. Г.Зориг дарга Булган, Сэлэнгэ аймгийн депутатаар 7 удаа сонгогдож, намын 16-р их хурал, ахмадын бага хурал, МҮЭ-ийн 16-р их хурал, Монголын Хүнсчдийн холбооны 12-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Г.Зориг даргын хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлэн төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ойн медалиуд, Хүнс хөдөө аж ахуйн болон Ардын боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан. Г.Зориг даргын аав Шомбон овогтой Ганжууржав нь 1905 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг Баяннуурын эрэг дээр төрсөн. Г.Зориг даргын аав Ш.Ганжууржав 1925-1930 онд цэргийн алба хааж, бичиг үсэгт боловсорч нутагтаа ирээд Сантмаргаз, Завханмандал, Ургамал суманд захиргааны дарга, хоршооны дарга, багийн дарга, намын ухуулагч зэрэг албыг 1970 он хүртэл хашсан, 1958 онд намын 13-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон, манай сум орон нутгийг дөчөөд жил босголцож, бүтээн байгуулалцсан шилдэг удирдагч сэхээтний нэг байв.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 52
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАГВАДОРЖИЙН НАРАН 1964 онд Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн уугуул Дагвадорж Дайдаагийн дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. Д.Наран 1980 онд Ургамал сумын найман жилийн сургууль, 1982 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжпийн сургуулийг цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжлээр төгссөн. 1985 онд Барилгын цэргийн 022 дугаар ангид жагсаалын дарга, ахлагч цолтой цэргийн алба хааж нутагтаа ирээд 1985-1987 онд Ургамал сумын хүн эмнэлэгт нярав, 1987 оноос Баян-Улаан багт малын эмч, 1991 оноос тус багт малчин болсон. 1988 онд Баян-Улаан бригадын малын эмч Чулуунхүү ахын охин Гандолгортой гэр бүл болж, дөрвөн хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Д.Нарангийнх малчин болоод дөрвөн жилийн дараа “Мянгат малчин” болсноос хойш өнөөг хүртэл 30 жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд түүний дотор тэмээн сүргийн тоог 100 хол давуулжээ. Д.Нарангийн малжуулсан өрхүүдээс Л.Түмэн-Өлзий, С.Баатар нарын айлууд мөн мянгат малчин болсон. Д.Наран 2000 онд аймгийн аварга малчин, 2003 онд “Оны шилдэг залуу” цом, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Монгол Улсын аварга малчин, 2006 онд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин” цол хэргэм хүртэж, 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 51
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР СОДНОМЦОГИЙН АДЪЯА 1947 оны гал гахай жил Ургамал сумын нутаг Ханчит гэдэг газар төрсөн, Ургамал сумын бага сургууль, Завханмандал сумын дунд сургууль, Завхан аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд суралцаж, МУИС-ийн философийн ангийг философийн багш мэргэжлээр төгссөн. С. Адъяа 1980-1983 онд М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн философийн факультетийн социологийн тэнхимд аспирантур төгсч "Оюутанд ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл төлөвшүүлэх нь"сэдвээр философийн ухааны дэд эрдэмтэний зэрэг, 1998 онд ОХУ-ын ШУА-ийн социологийн хүрээлэнд “Монгол Улсын дээд боловсролын стандарт” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. С.Адъяа доктор МУИС, УБДС, Намын дээд сургууль, Анагаах хуааны дээд сургууль, Политехникийн дээд сургууль, Цэргийн их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, ХААДС, Гадаад хэлний дээд сургуульд философийн багшаар ажилласан. С.Адъяа доктор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Боловсролын хороонд ахлах мэргэжилтэн, ШУА-д ЭША, секторын эрхлэгч, Философи-социологийн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Засаг захиргааны яаманд Боловсрол шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн, Монгол Улсын Засгийн газрын Төрийн захиргааны удирдлага зохицуулалтын газарт ахлах түшмэлээр ажилласан. С.Адъяа доктор Монгол Улсын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, Ардын хувьсгалын ой медалиуд, "БНМАУ-ын нисэх хүчин-бОжил" дурсгалын медаль, БНМАУ-ын “Ардын боловсрол-60 жил" хүндэт тэмдэг, Монголын залуучууд оюутны хоёрдугаар их наадмын мөнгөн медаль, МХ3Э-ийн 50 жилийн ойн медаль, "Залуу уеийг сурган хүмүүжүүлэгч" тэмдэг, “Багшийн алдар" алтан медалиар шагнагдсан. Шатрын спортын І зэрэгтэй.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 109
УИХ-ИЙН ГИШҮҮН ЖҮГДЭРИЙН ДЭЛГЭРЦЭЦЭГ 1946 онд Завхан аймгийн Ургамал сумын Нуур Зөөхий багийн нутагт төрсөн. Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг инженер механик мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Хивсний үйлдвэрээс гараагаа эхэлж 1978 онд Нэхмэлийн үйлдвэрийн дарга, 1980-1992 онд Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн дарга, 1996-1999 онд Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс ХХК-уудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Ургамал сумаас төрөн гарсан шилдэг мэргэжилтэн, сайн менежер удирдагч Монгол төрийн түшээ, улс төрийн зүтгэлтэн билээ

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 58
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ИНДЭРБҮДИЙН ДҮГЭРЖАВ 1928 онд Ургамал сумын Хульж багийн нутагт төрсөн. И.Дүгэржав аварга 1948-1951 онд ардын цэргийн алба хааж нутагтаа ирээд гэр бүлээрээ 40 гаруй жил нэгдлийн мал маллаж 504-718 хониноос жил дараалан 100-102 хувиар төл бойжуулан сумын аварга төлчнөөр 9 удаа, Аймгийн аварга малчин, Улсын мэнд сүрэгтэнээр удаа дараа шалгарч, улмаар 1972 онд Монгол Улсын Аварга малчин хэмээх эрхэм цол хэргэм хүртэж иж бүрэн тавилгатай таван ханатай гэрээр шагнуулж байсан. И.Дүгэржав аваргын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан. 2014 онд сумынхаа 90 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Мөн 1975 онд Завхан аймгийн Ардын хурлын сонгуулийн 79 дүгээр тойргоос аймгийн депутат, аймгийн намын 20 дугаар бага хурлаас намын хорооны гишүүнээр сонгогдож байв. И.Дүгэржав аварга 1952 онд Ч.Цэенхоролтой /зураг дээр/ гэр бүл болж Норов, Баатарсүрэн, Ариунаа нарын олон хүүхдүүд төрүүлж өсгөсөн. Эхнэр Ч.Цэенхорол нь 1961 онд аймгийн аварга саальчин, сумын сааль, сүүний аваргаар удаа дараалан шалгарч, 1985 онд Монголын эмэгтэйчүүдийн тавдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон тав, зургадугаар таван жилийн гавшгайч хөдөлмөрч Алдарт эхийн одонт эмэгтэй. Дүгэржав аваргын хүү "Хүнгийн хурд" морин спорт уяачдын холбооны тэргүүн Дүгэржавын Баатарсүрэн Баадай 1963 онд Ургамал сумын Хульж бригадын нутагт төрсөн, Ургамал сумын дунд сургууль, ЭОН 10 жилийн сургууль төгсч цэргийн албаа хааж ирээд Ургамал сумандаа нэгдлийн жолоочоор олон жил ажилласан. Д.Баатарсүрэнгийн тэргүүлдэг "Хүнгийн хурд" морин спорт уяачдын холбоо нь Аймгийн Алдарт уяач цолтой 15, сумын Алдарт уяач цолтой 30-аад гишүүнтэй, аймгийн шилдэг холбоогоор удаа дараа шалгарч байсан

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 88
АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТ ГАЛИНГИЙН ГОМБОЖАВ 1924 онд Ургамал сумын Тосгуур багийн нутаг Сайхан гэдэг газар төрсөн. Г.Гомбажав дарга Аймгийн Намын Хорооны шийдвэрээр 1952 оноос Ургамал сумын дарга, Эрдэнэхайрхан сум-нэгдлийн дарга, Завхан аймгийн намын хороонд зохион байгуулагч, Дөрвөлжин сумын Намын хорооны даргаар үр бүтээлтэй ажиллаж, далаад онд нутгаасаа Ардын их хурлын депутат буюу одоогийнхоор УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Галингийн Гомбожав дарга 1952 онд нутгийн бүсгүй Дорлигжавын Цэрэндаштай /зураг дээр/ гэр бүл болж 11 хүүхэд төрүүлж өсгөсний дотор үр хүүхдүүдээс нь Эрүүл мэндийн тэргүүний ажилтан - 2, Боловсролын тэргүүний ажилтан - 4, Улсын тэргүүний нягтлан бодогч -1, Эдийн засгийн ухааны доктор - 1, СУИС-ийн профессор -1 төрөн гарсан. Г.Гомбажав даргын гэргий Д.Цэрэндаш нь 1929 онд төрж, 11 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж улмаар 1941 онд Ургамал сумын Хутаг уулын бага сургуульд орж суралцсан. Д.Цэрэндаш 1940-1948 онд сумын бага, аймгийн дунд сургууль төгсөж, багш мэргэжил эзэмшсэн, Ургамал сумын анхны сурагч төдийгүй анхны багш нарын нэг байсан. Д.Цэрэндаш 1948 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар Ургамал суманд багшаар томилогдон, 1948-1957 онуудад тус суманд ажиллаж байхдаа 1952 онд Галингийн Гомбажавтай гэр бүл болж, 11 хүүхэд төрүүлж өсгөсөн "Алдарт эх”-ийн 1,2-р одонт ээж юм. Д.Цэрэндаш улсад нийт 32 жил ажилласнаас 12 жилд нь боловсролын байгууллагад багш мэргэжлээр ажилласан. Хань Г.Гомбожав нь нам засгийн томилолтоор энд тэнд ажиллах хугацаанд Д.Цэрэндаш нь 1957-1959 онд Эрдэнэхайрхан сумын Худалдаа бэлтгэл ангийн тоо бүртгэгч, 1959 -1966 онд Аймгийн Харилцаа холбоонд шуудан ялгагч, тасгийн эрхпэгч. 1967-1981 онд Дөрвөлжин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эдийн засагч, Банкны салбарын касс, эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан. Д.Цэрэндашийн хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн медаль, Багшийн алдар медаль, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 47
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН НЭРТ СЭТГҮҮЛЧ ЛАМЖАВЫН БАТ-ӨЛЗИЙ 1933 оны тахиа жилийн зуны дунд сарын шинийн гурванд Шавгийн урд Томбогорын эхэнд малчин ард Лхамжавын хүү болон төрсөн. Л.Бат-Өлзий 1963 онд Москвад Комсомолын дээдийг, 1976 онд Намын дээдийг онц төгссөн, 1955-1994 онд дөчөөд жил нам эвлэлийн ажилтан сэтгүүлч сурвалжлагч мэргэжлээрээ ажиллаж тэтгэвэртээ гаран мал маллаж байгаад 1999 онд Мянгат малчин, 2001 онд Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм шагнал хүртсэн. Л.Бат-Өлзий 1952 онд цэргийн албанд мордож, армид хувцас түгээгч, тасгийн дарга, сумангийн эвлэлийн үүрийн дарга зэрэг сонгуульт ажил хийж байгаад түрүүч цолтой халагдаж нутагтаа ирээд Ургамал сумын VI багийн малчин Ц.Гарамжавын охин Цэенпилтэй 1957 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, долоон хүү гурван охин төрүүлж өсгөсөн. Л.Батөлзий 1955-1972 онуудад Завхан аймгийн МХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, зааварлагч, 1976 оноос Улаанбаатар хотод Монгол Ардын Хувьсгалт Нам, Засгийн Газрын төв хэвлэл, Үнэн сонинд утга зохиолын ажилтан, 1984 оноос Завхан аймаг дахь Үнэн сонины тусгай сурвалжлагч, Монголын Радио, “МОНЦАМЭ” агентлагийн сурвалжлагчийн үүргийг хослон гүйцэтгэж байгаад 1994 онд гавьяаныхаа амралтад гарсан. Тэтгэвэрт гармагцаа Завхан аймгаас 300-гаад толгой бог, дөрвөн толгой бод мал авч Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ирж суурьшин гэр бүл, үр хүүхдүүдийн хамт малаа сайн маллан 1450-иад толгой болгон өсгөжээ. Түүгээр зогсохгүй дөрвөн өрхийг малжуулахын зэрэгцээ зургаан хүнийг ажлын байртай болгон бусдыг дэмжих, ядууурлыг бууруулахад орон нутагт манлайлан ажиллаж байжээ. Л.Бат-Өлзий нүүдэлчдийн соёл, зан заншил, мал маллагааны уламжлалт арга ухааныг өөрийн үр хүүхэд, нутгийн залууст зааж сургаж өвлүүлсэний ачаар тэд өнөөг хүртэл мал аж ахуйгаа эрхэлсээр явна. Л.Батөлзий малчин байхдаа гадны туршлага судлахаар Дани, БНХАУ руу явж ирсэний дараа өөрөө санаачилан үр хүүхдүүдтэйгээ хамтарч нутгийн баг бригадын нэрээр “Тосгуур” хоршоо байгуулж ажиллуулжээ. Л.Батөлзий малаа маллахын зэрэгцээ сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэн төр засагт малчдыг төлөөлөн хандаж сонин сэтгүүлд олон нийтлэл тэмдэглэл санал шүүмж зөвлөмж бичсэн. Л.Батөлзий Маамаагийн аав Ламжав нь 1893 оны луу жил Засагт Хан аймгийн Сэцэн Сартуулын хошуу одоогийн Завхан аймгийн Ургамал сумын нутагт айлын ганц хүү болон төрсөн. Багаасаа адуу мал хариулж, аян жин тээж, өртөө улаа хийн өсөж яваад 1930 онд М.Сэндэнжавтай ханилан сууж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Л.Батөлзий Маамаагийн аав Ламжав гуай эмнэг хангал сургах, адууг уналга эдэлгээнд зөв хэрэглэхэд дасгаж сургах, морь уургалах, морийг биеэ зовоохгүй барих, морь уях зэрэг арга ухааныг бүрэн эзэмшсэн, нутаг усандаа нэртэй уургач адуучин хүн байсан гэдэг. Бидний үеийн төрж өссөн жараас наяад онд Завхан аймаг дахь Үнэн сонины тусгай сурвалжлагч Л.Бат-Өлзий Маамаагаас гадна манай сумаас гаралтай З.Найдан, О.Бадам, Н.Нямаа, Л.Хайдав, С.Рэнцэндорж, Ч.Пүрвээ, Ш.Сэсээр, Ө.Атгиараднаа нарын шилдэг сэхээтэнүүд Завхан аймгийн нам төр захиргааны удирдлагад ажиллаж байв

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 119
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР ВАНГАНЖАЛАМЫН АЛИМАА Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, Ургамал сумын найман жилийн дунд сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж төгсөн ОХУ-ын Эрхүү хотын хэлний бэлтгэл элсэн орж улмаар 1994 онд ОХУ-ын Иваново хотын Хими-технологийн дээд сургуулийг “Өндөр молекулт нэгдлийн инженер-технологич” мэргэжлээр техникийн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. В.Алимаа 1995 оноос ТИС, ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургуульд багшаар тасралтгүй гучаад жил ажиллаж байна. В.Алимаа 2008 онд Монгол Улсын Газрын тосны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2010 онд БСШУ-ны яамны жуух бичгээр шагнуулсан. В.Алимаа газрын тосны салбарын эрдэмтэн багш нартай хамтран “Нефть, нефтийн бүтээгдэхүүний физик шинж чанар” , “Нефтийн аж үйлдвэрийн үндэс”,“Дадлагын ажил (нефть, нефтийн бүтээгдэхүүн)” , “Газрын тосны бүтээгдэхүүнүүд“ зэрэг олон арван ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн. В.Алимаа 2008 онд доктор, профессор Б.Ширчин, Ж.Цэвээнжав нарын удирдлагаар “Газрын тосны шинж чанарт гүний хүчин зүйлийн нөлөөлөл (Тосон-Уул, Зүүнбаянгийн ордуудын жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. В.Алимаа доктор “Газрын тосны нэгдсэн лаборатори байгуулах”, “Шингэрүүлсэн шатдаг хий”, “Монгол орны нөхцөлд бензины ууршилтын алдагдпын нормыг шинэчлэн тогтоох", “Эрдэс баялгийн салбарын усны норм тогтоох", Монгол ба ОХУ-ын РФФИ-ийн “Увелечение нефтеотдачи местрождений вязких парафинистых нефтей композицациями на основе ПАВ” зэрэг үндэсний болон олон улсын судалгааны төслүүдэд оролцож амжилттай хэрэгжүүлсэн. В.Алимаа доктор Монгол Улсын газрын тосны зөвлөх инженер бөгөөд одоо ШУТИС-н Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын профессороор ажиллаж байна

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 56
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАНЗРАГЧИЙН ШАГДАРЖАВ 1971 оны гуравдугаар сарын 10-нд Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт адуучин Банзрагч Банзай Баавайгийн гэр бүлд төрсөн. Б.Шагдаржав 1979-1987 онд Ургамал сумын найман жилийн дунд сургууль, 1989-1991 онд Дотоодын цэргийн 089 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Б.Шагдаржав 1989 онд Үндэсний бөхийн 17-18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж, “Улсын тулгат” цол, 1989 онд Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2014 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны алтан медаль хүртсэн, аймгийн начин цолтой. Б.Шагдаржав 1993 онд Лхамсүрэнгийн Бурмаатай гэр бүл болж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. 1993 оноос мал маллаж, 2000 онд “Мянгат малчин”, “Сумын сайн малчин”, 2004 онд “Аймгийн сайн малчин”, 2007 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медаль, 2011 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин”, 2012 онд “Аптан хурга”, “Алтан азарга”-ны эзнээр шалгарч, ойн медалиудаар шагнагдсан. Б.Шагдаржав 2013 онд “Монгол Улсын аварга малчин” цол хүртэж, 2000 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 1000-аас дээш толгой мал хариулж байна.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 50
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНЧИН МИЖИДИЙН УСНЫ-ЭХ 1913 онд Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн нутагт төрсөн. М.Усны-Эх 10 гаран наснаасаа эхлэн ан хийж 1960 онд Улсын тэргүүний анчин цол тэмдэг хүртсэн. М.Усны-Эх аварга 1958 онд гэргий Гиймаажавын хамт нэгдэлд элсэн орж төлөг шүдлэн голдуу маллаж олон удаа онд мэнд оруулж ноосны үйлдвэрлэлийн даалгаврыг үргэлж давуулан биелүүлдэг байсан тул 1966 онд Монгол Улсын аварга малчин цол хүртэж, иж бүрэн таван ханатай тавилгатай гэрээр шагнуулж байсан. М.Усны-Эх аварга тангад номонд гаргуун, Ховч хар татдаг мэргэлдэг лам хүн байсан тул миний бие бага байхдаа Усны-Эх Ууяа дээр очиж алдсан адуу малаа их мэргэлүүлдэг байсан. М.Усны-Эх аваргын хүү бол монголын нэрт түүхч профессор У.Гонгоржав доктор бөгөөд тэрээр 1948 онд Тосгуур багийн Хар үзүүр гэдэг газар төрсөн. У.Гонгоржав 1968 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгсч, Ардын армийн 120-р ангид гурван жил алба хаагаад, 1971-1974 онд Улсын төв музуйд тайлбарлагч, 1975 оноос МУИС-д түүхийн багшаар дөчөөд жил ажиллаж, 1994 онд “Монголын эртний нүүдэл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 117
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ 1-Р ОРЛОГЧ САЙД, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АЮУШЖАВЫН БААСАНЖАВ 1944 оны бичин жилийн 4-р сарын 14-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Аюушжавын Баасанжав 1952-1956 онд Ургамал сумын бага сургууль, 1956-1959 онд Завханмандал сумын дунд сургууль, 1959-1962 онд Завхан аймгийн төвийн ЭОН нэрэмжит 10 жилийн сургууль, 1962-1967 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетын геологийн анги төгсөж ашигт малтмалын эрэл, зураглалын геологч инженер мэргэжил эзэмшсэн. Мөн 1969-1974 онд МУИС-ийн санхүү эдийн засгийн анги төгсөж санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн. А.Баасанжав нь 1967 оноос Хөвсгөлийн геологийн удирдах газарт барилгын материалын хайгуулын ангид дагалдан инженерээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатарын геологийн удирдах газарт Барилгын материалын хайгуулын ангийн дарга бөгөөд ахлах инженер, Баянхонгорын геологийн удирдах газарт Эрдсийн давсны хайгуулын ангийн дарга, ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны мэргэжилтэн, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институтийн орлогч захирал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын засгийн газрын референт, “Талст” компанийн захирал, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны ерөнхий мэргэжилтэн, Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн дэд захирал зэрэг албыг хашсан. Мөн Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Зоос гоёл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хайлааст, Багануур, Алтай-Улиастай эрчим хүчний систем хувьцаат компани болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай ажлыг хашиж байв. А.Баасанжав Хөвсгөл аймгийн Хатгалын элс, хайрганы ордын хайгуул, Дундговь аймгийн Мандалговийн элс, хайрга, барилгын чулууны орд, Чойбалсангийн элсний, Аралтын худгийн шохойн чулууны, Улаанбаатарын элс, хайрганы зэрэг барилгын материалын таван орд, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Бүрдийн давст, Цөнгөрөг, Шүүт, Холбоолж, Байнцагаан, Бэгэр, Буур, Цэцэг, Цоохор нуурын давсны 10 гаруй ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан хийж, эрдэс түүхий эдийн найрлагыг судалж, нөөцийн тооцоог хийж Монгол Улсын эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулан нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг геологичдын нэг юм. А.Баасанжав 1975-1978 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны хайлуур жоншны ордуудын геологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж Монгол Улсын геологийн салбарын 22 дахь, геологийн эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2 дахь эрдэмтэн, Ургамал сумаас төрсөн анхны 2 эрдэмтний нэг юм/1978 онд Ургамал сумын уугуул Хассүрэнгийн Лхамдорж түүхийн ухаанаар доктор хамгаалсан/. А.Баасанжав мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээний олон ажил туурвиж, 50 шахам бүтээл хэвлэлд нийтлүүлэн, 10 хүний эрдэм шинжилгээний диссертацийг удирджээ. А.Баасанжавыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэ, Цагаансуваргын зэс-молибденийн ордын зарим хэсэг, Тавантолгой, Тэвшийн говийн нүүрс, Дорноговийн Өргөний хайлуур жонш, Төмөртийн овооны Төмөр, Бүрэнхааны фосфорит, Цагаанчулуутын гантиг, Асгатын мөнгө, Улаан уулын гянт болд, Баян-Эрхэтийн битум, цеологит, Улаан, Цавын хартугалга, цайр, Мардайн ураны зэрэг Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч олон төрлийн ашигт малтмалын ордууд нээгдэж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Модотын цагаан тугалга, Мухар эрэг, Өвөрчулуутын алтны орд, Цагаандаваа, Улаан уулын гянт болдын зэрэг ордуудын ашиглалтын үйлдвэр байгуулагджээ. А.Баасанжав 1988 онд батлагдсан “Улсын үйлдвэрийн газрын тухай”, 1991 онд батлагдсан “Татварын тухай”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж дээрх хуулиудыг батлуулахад оролцсон гавьяатан юм. А.Баасанжавын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монгол улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 88
ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ХАССҮРЭНГИЙН ЛХАМДОРЖ 1928 оны шарагчин могой жил Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улааны тавдугаар багийн нутаг Хүнгүйн голын хөвөө Бор хошуун дээр Лувсан овогт Хассүрэнгийн анхдугаар хүү болон төрсөн. Х.Лхамсүрэн 1940 онд байгуулагдсан Ургамал сумын бага сургуулийн анхны сурагч, 1978 онд докторын зэрэг хамгаалсан Ургамал сумын анхны доктор. Х.Лхамдорж 1940-1944 онд Ургамал сумын бага сургууль, 1951 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1968 онд Москвагийн улсын их сургуулийг төгссөн. Сэтгүүлч, орчуулагч, түүхч мэргэжилтэй. Х.Лхамдорж 1978 онд Москвагийн улсын их сургуульд “Феодализм ба империализмыг эсэргүүцсэн хувьсгалын үеийн Үнэн сонин” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Х.Лхамдорж 1945-1948 онд Ургамал сумын бага сургуульд багш, Завхан аймгийн Эвлэлийн ийн хороонд лектор, 1951-1956 онд МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн лектор, Хэвлэлийн тасгийн эрхлэгч, 1956-1963 онд Намын түүхийн институтын орчуулагчийн тасагт орчуулагч, 1968-1970 онд"Үнэн" сонины утга зохиолын ажилтан, 1971-1981 онд“Энх тайван социализмын асуудал" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1981-1990 онд Нийгмийн ухааны институтын орчуулгын тасгийн эрхлэгчээр ажилласан. Х.Лхамдорж 1956-1963 онд В.И.Лениний бүрэн зохиолын эмхэтгэлийн 30 гаруй ботийн орчуулганд оролцсон бөгөөд 1984-1987 онд Москвад "Прогресс" хэвлэлийн газарт Лениний 12 боть түүвэр зохиолын орчуулгыг засаж, шинээр хэвлүүлсэн группын ахлагчаар ажилласан. Х.Лхамдорж К.Маркс, Ф.Энгельсийн түүвэр зохиолын 2 ботийг орчуулж, “Капитал” зохиолын 1- ботийн орчуулгыг хянан тохиолдуулсан. Х.Лхамдорж 1999-2001 онд А.Радугины "Соёл судлал", Струан Рейд, Патриция Фара нарын "Нээлтийн товчоон” номуудыг орчуулсан. Х.Лхамдорж 2002 онд А.Н.Маркова нарын “Дэлхийн соёлын түүх" номын орчуулгыг редакторласан. Х.Лхамдорж уран зохиолын олон ном орос хэлнээс хөрвүүлсэний дотор Т.Драйзерын "Женни Герхардт”, Вера Пановагийн “Цагааннөмрөгт баатрууд", Г.Березкагийн “Багшийн ордон", "Хожа Насредины хошин шог яриа" гэдэг номнууд болон А.И.Буниний “Сан-Францискийн эрхэм”, "Иерихоны сарнай", "Эмгэн", "Хүйтэн намар", “Хайрлах ёсон”, И.С.Тургеневийн "Богширго", "Маша", “Намайг талийгч болсон цагт” зэрэг өгүүллэгүүдийг орчуулсан. Х.Лхамдорж 1950-иад оноос эхлэн жар гаран жил төвийн сонин сэтгүүлд янз бүрийн сэдвээр 200 орчим өгүүлэл, тэмдэглэл, эргэцүүлэл, шүүмж, судалгааны материал, ном нийтлүүлсний дотор, "Нэр томъёоны сахилга”, “Хэл минь хөөрхий боллоо", “Хайран хэл минь яйран болох нь”, "Хэл соёлоо хэлмэгдүүлсээр байх уу" нийтлэлүүд багтаж байна. Х.Лхамдорж мөн сэтгүүл зүйн асуудлаар "1930-аад оны Монголын нийтлэл зүйн хөгжил", “Сэтгүүл зүйн зарим асуудал", "Сонины хэл найруулгын талаар хийсэн зарим ажиглалт" гэсэн өгүүллүүд, "Хүнгий голын чимээ" хэмээх ном бичиж, гадаад, дотоодод болсон эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцож олон арван илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Х.Лхамдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, МАХН-ын Ахмад зүтгэлтэн тэмдгээр шагнасан. Х.Лхамдорж 1966 онд Монголын орчуулагчдын эвлэлийн шагнал хүртсэн.

шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болно

2023-11-24 131
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатрын тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт ИРГЭНИЙ ТАНХИМД 👉ХАМРАХ ХҮРЭЭ: Шатрын спортоор улсын цол зэрэггүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцоно. 👉ШАГНАЛ: ✅ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ: 1️⃣Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 2️⃣ Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 3️⃣ Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал ✅ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ: 1️⃣ Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 2️⃣ Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал 3️⃣Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хульж багийн ИНХурал болж багийн Засаг даргын сонгууль болов

2023-11-24 156
Саналын хуудаст нэр дэвшигч нарын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичив Багийн ирцийн бүртгэлд ирсэн дарааллаар иргэдийн нэрсийг дуудаж санал авав Эхний санал хураалтанд 36 иргэн оролцсоноос М.Бямбасүрэн-14 С.Даваасүрэн-11 Б.Мэндбаяр-11 санал авч тэнцсэн Даваасүрэн, Мэндбаяр нарыг дахин санал хураалтанд оруулав 2 дох Санал хураалтын дүн гарахад Даваасүрэн-15 Мэндбаяр-14 хүний санал авч 7 саналын хуудас хүчингүй гарч ирэв 3 дахь санал хураалтанд М.Бямбасүрэн, С.Даваасүрэн нар оролцож М.Бямбасүрэн-19 С.Даваасүрэн-17 хүний санал авч Хуралд оролцсон иргэдийн 52.7 %-ийн саналаар М.Бямбасүрэн Хульж багийн Засаг даргаар сонгогдов

100 жил 100 ажил аяны хүрээнд хийх ажлын санал авах тухай

санал өгсөн: 0